ОХУ-ын “Русские витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр яг одоо Хүй долоон худагт болж байна. Уг арга хэмжээтэй холбогдуулан тус бүс нутгийн автозамын хөдөлгөөний ачаалал нэмэгджээ. Тодруулбал, Дархан чиглэлийн автозамд засвар хийж байгаатай холбогдуулан иргэд Хүй долоон худгийн автозамаар зорчиж буй. Үүнтэй зэрэгцээд оросын нисэх хүчний үзүүлбэрийг үзэх иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнээс болж Хүй долоон худгийн автозамын ачаалал нэмэгджээ. Тиймээс Тээврийн цагдаагийн газраас автозамын хөдөлгөөний урсгалыг сааруулах үүднээс зам хаах, хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх зэргээр арга хэмжээ авч байгаа аж.
Дээрх арга хэмжээний үеэр “Алдар” спорт хорооноос 64 бөхийн барилдаан, сур болон шагайн харвааны бэсрэг наадам зохион байгуулж байгаа юм байна.
Сонирхуулахад, Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн “Русские витязи” буюу “Оросын баатрууд” баг анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад зургаан Су-27 онгоцтой байгуулагдаж байжээ.
1991 онд анхны үзүүлбэрээ Англи Улсад Лукарсын агаарын шоунд үзүүлж гараагаа эхэлсэн байна. Түүнээс хойш АНУ-д гэхэд хоёр удаа очиж байсан аж.