“Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээ нь хоёр улсын хоорондын түншлэлийн харилцааг хөгжүүлэх, хамтарсан үзэсгэлэн яармаг зохион байгуулж, “Бүс ба зам” санаачлагын хүрээнд “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриалгатайгаар зохион байгуулагдаж байна.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал Экспод чухал ач холбогдол өгч ажиллаж байна.
Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж оролцох ба Экспогийн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд манай улсаас 450 аж ахуй нэгж Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэн худалдаанд оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, үйл ажиллагаагаа сурталчлах нөхцөл боломжоор хангагдаж байна. Энэ нь хоёр орны худалдаа эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Б.Жаргал