Энэ онд улсын хэмжээнд нийт 512 мянган га талбайд тариалалт хийжээ. Тухайлбал, 364.8 мянган га-д үр тариа, 340.0 мянган га-д улаан буудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал тариалсан байна.
Энэ сарын 1-ний байдлаар 43.3 мянган га-г ангилан хадаж нийтдээ 87.7 мянган га-гаас 113 мянган тонн үр тариа, үүнээс 105.7 мянган тонн улаан буудай, 11.2 мянган га-гаас 131.1 мянган тонн төмс, 4.6 мянган га-гаас 51.1 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Харин үр тарианы хураалт 25.1 хувь, хүнсний ногооны хураалт 58.1 хувь, төмсний хураалт 75.1 хувийн явцтай байгаа аж.
Урьдчилсан байдлаар авч үзвэл 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн тооцоолол гаргажээ.
Одоогийн байдлаар газар тариалангийн бүс нутагт ургац хураалт жигд байна. Төв, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн хойд талын сумдаар ургац хураалт муудаагүй. Ирэх аравдугаар сарын эхний арав хоногт л цаг агаар хүйтэрнэ гэх мэдээлэл байгаа. Гэхдээ энэ нь ургац хураалтад ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.