Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь жилийн ой тохиож байгаа билээ. Улсын нэгдсэн төсвийн 15 хувийг эзэлдэг боловсролын салбарын талаарх статистик мэдээллийг хүргэе.
Манай улсын хувьд боловсролын салбарт нийт 47.4 мянган багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байгаагийн 40.1 мянга нь улсын сургуульд багшилж байна гэсэн судалгаа гарчээ.
Тодруулбал, Сургуулийн өмнөх боловсрол 7.8, Ерөнхий боловсролын сургуульд 30.4, МСҮТ-д 2.5, Их дээд сургуульд 6.7 мянган багш ажиллаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролын багш хамгийн их ачаалалтай буюу нэг багшид 31 хүүхэд ногдож байна.
Харин ЕБС-д 2018 оны байдлаар 30.4 мянган багш ажиллаж байгаа бөгөөд тэдний 82 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. ЕБС-ийн нийт багш нарын 14 хувь нь магистр, доктор, 13.1 мянга нь мэргэшлийн зэрэгтэй. ЕБС-ийн нэг багшид 20 хүүхэд оногддог бол бага бүлгийн багшид дунджаар 31 хүүхэд ногдож буй бөгөөд боловсролын салбарын дундаж цалин 2018 онд 760.2 мянган төгрөг байсан байна.