Энэ сарын дундуур тагтнаас унах гэж байсан гурван настай хүүгийн амийг цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаяр авхаалж, самбай гарган аварсан талаарх бичлэг цахим орчинд түгэж олон хүний талархлыг хүлээсэн билээ. Л.Отгонбаярын хувьд Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн байсан юм. Түүнийг гэртээ байх үед нь зэргэлдээх айлын тагтнаас гурван настай хүүхэд зүүгдэж байгаа тухай охин нь хэлсэн даруйд тэрбээр яаралтай арга хэмжээ авсан байдаг. Түүний энэхүү гавьяаг үнэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, "Шударга журам" медалиар шагналаа.
Энэ үеэр цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаяр "Тухайн үед бяцхан хүүгийн амь нас аюултай байдалд орсон байсан. Хүүхдийг аваръя гэхээс өөр зүйл бодогдоогүй. Хүүтэй одоо өдөр бүр таардаг. Саяхан хүүгийн сэвлэг үргээх ёслол болсон. Манай гэр бүл уригдаж, даахинд нь гар хүрсэн. Эрдэнэт хүний амь насны үнэ цэнэтэй энэхүү хүндэт медалийг хүртсэндээ баяртай байна" гэлээ.
Сэтгэгдэл (4)