Сүүлийн жилүүдэд иргэдийн ном унших идэвх нэмэгдэж, дагаад номын сан байгуулагдах нь олширч байгаа билээ. Тэгвэл Өмнөговь аймгийн залуучууд Даланзадгад сумын төв цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлт гудамжинд гудамжны номын сан байгуулсан байна.
“Соёлын довтолгоо” төслийг тус аймгийн хэсэг залуус өнгөрсөн долдугаар сараас эхлүүлсэн бөгөөд ингэхдээ хуучин хөргөгч, шүүгээг ашигладаг аж. Дээрх хуучин эд хэрэгслийг засаж сэлбэн гудамжинд байрлуулсан байна. Иргэд тус номын сан дахь номыг гэртээ авч яваад уншиж болох бөгөөд хамгийн гол нь өөрийн ухамсараараа номоо эргүүлж хийх ёстой. Түүнчлэн өөрөө уншсан, бусдад уншуулж, таниулахыг хүссэн ном товхмолоо бас хийж болох аж.