Архангай аймгийн Цахир сумаас Тосонцэнгэл чиглэлийн 127 км авто замын гүйцэтгэгчид дутуу автозам тавьснас үүдэн тухайн хэсэгт удаа дараа зам тээврийн осол гарсаар байна.
Уг нь энэ хэсгийн замд туузан хашлага тавихыг гүйцэтгэгч байгууллагаас удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй байна. Тиймээс Завхан АЗЗА ТӨХК уг хэсэг замыг өөрөө гүйцэтгэж, тэмдэг тэмдэглэгээ байршуулж байгаа аж.
Энэ талаар Завхан АЗЗА ТӨХК “Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн 245-246км автозам буюу Солонготын давааны цагаан гүүрний хэсгийн барилгын ажил нь дутуу учир замыг хүлээж аваагүй. Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127 км авто замын гүйцэтгэгчид даваан хэсэгийг яаралтай дуусгахыг удаа дараа шаардсан боловч төслийн гүйцэтгэгч нь мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй. Тиймээс Зам тээврийн хөгжлийн яамны өгсөн үүрэг даалгаврын дагуу манай байгууллага уг ажлыг яаралтай хийж гүйцэтгэж байна” гэлээ.
Мөн осол их гардаг уг замд 150 у/м туузан хашлага, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч зэргийг байршуулж байгаа юм байна.
Б.Лхам