Засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг эхлэх гэж байна.
Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулж, үндсэн үр дүнг 2020 оны зургадугаар сарын эхээр танилцуулах юм.
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэлийг эрчимжүүлэн бүрэн хангаж, тооллогын сурталчилгааны ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Тооллогын комиссын дарга, Засаг дарга нарт Улсын комиссоос үүрэг болгоод байгаа юм.