Энэ сарын 23-нд болсон Монгол, Орос, Хятад гурван улсын гоо бүсгүйн тэмцээнд Хятад улсын мисс, 22 настай Сан Шипэ тэргүүлж олон улсын миссийн титмийг зүүлээ.
Дэд байранд манай улсаас төлөөлөн оролцсон мисс Ч.Анужин шалгарч, удаах байранд Орос улсын мисс Головина Александра шалгарчээ. “Манжуурын мисс 2019” олон улсын тэмцээн нь үндэсний хувцасны загвар, усны хувцас, гоёлын даашинз зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Хятад,Орос, Монгол гурван улсаас тус тус 12 нийт 36 гоо бүсгүй ирж оролцов. Монгол улсын баг хамгийн зохион байгуулалт сайтай багийн шагналыг хүртсэн бол галбирлаг бүсгүйгээр Макитра Есения, авьяаслаг гоо бүсгүйгээр Б.Болор, фото миссээр Головина Александра, олны таашаал хүртсэн гоо бүсгүйгээр Чэншиньи, олон улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон бүсгүйгээр Хуан Хүйпин, үндэсний хувцасны шилдэг загвар өмсөгчөөр Е.Урангоо нар шалгарчээ. Энэ жилийн хувьд Олны таашаал хүртсэн гоо бүсгүйгийг онлайн шууд нэвтрүүлгээр сонгон шалгаруулсан нь онцлог юм .
Монгол, Орос, Хятад гурван улсын “Манжуурын мисс” тэмцээн нь олон улсын гэсэн тодотголтой зохион байгуулагддаг чансаа өндөртэй том тэмцээн юм. 2003 оноос эхэлсэн энэхүү тэмцээний оролцогид "Эрүүл саруул, гоо сайхан, амар амгалан, нөхөрлөл" гэсэн уриатайгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотноо энэ жил 16 удаа зохион байгуулагдаж байна.