“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Маргааш Сүхбаатарын талбайд мөсөн гулгуур, мөсөн хотхон, тоглолт гэсэн гурван чиглэлийн үйл ажиллагаа болох аж. Энэ хүрээнд 18 чиглэлийн нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх юм байна.
НМХГ-аас 18.00-00.00 цагийн хооронд улсын 31 байцаагч хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллахаар болжээ. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулсан зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд хатуу арга хэмжээ авна гэдгийг мэдэгдлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Баяр, амралтын өдрүүдэд онцгой байдлын газрын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ. Ялангуяа төвийн зургаан дүүргийн гол талбайд иргэд шинэ жилээ тэмдэглэж, салют буудуулдаг. Тиймээс гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллана. Иргэд дур мэдэж ихээхэн салют буудуулдгаас эрүүл мэндээрээ хохирох, гал алдах эрсдэлтэй байдаг. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага тухайн байгууллагын харуул хамгаалалтад авах шаардлагатай байгааг анхааруулж байна. Учир нь уг асуудлаас үүдэн өнгөрсөн онуудад нэлээд хүн хүнд гэмтэл авсан асуудал гарсан. Тиймээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэв.
Харин цагдаагийн байгууллагаас ирэх нэгдүгээр сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Мөн маргааш Сүхбаатарын талбайд болох “Улаанбаатарын мөнгөн шөнө” тоглолтын үеэр цагдаагийн 1500 гаруй алба хаагч иргэдийн амгалан тайван байдлыг хангуулахад ажиллахаар болжээ. Нөгөөтэйгүүр, баяр ёслолын үеийг далимдуулан орон байрны хулгай ихэсдэг тул гэрээ эзэнгүй байх, халаасны хулгайгаас сэргийлэхийг анхаарууллаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)