Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270.0-370.0 мянган төгрөг авч байгаа аж.
2019.12.31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.
Төрөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхдээ Салхитын мөнгөний ордыг барьцаалж бонд босгохоор төлөвлөсөн. Тус орд нь 808.3 тонн мөнгө, 1117.1 кг алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тооцооллоор цэвэр ашиг нь 1 их наяд 50.4 тэрбум төгрөг болохоор байгаа юм.
Хуулийн төслийг Улсын Их Хурлаар нэн яаралтай горимоор хэлэлцэх бөгөөд төсөл батлагдсанаар иргэддээ байгалийн баялаг ашигласнаас олох орлогын өгөөжөөс хүртээх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь заалт хэрэгжих, ахмадууд тэтгэвэр барьцаалсан зээлийн өрөөс чөлөөлөгдөх, цаашид дахин тэтгэврийн зээлийн дарамтад өртөхгүй байх ач холбогдолтой юм.
Хуулийн төсөл бүтэн эхээрээ