“Эрдэнэт” үйлдвэрт дизель түлш нийлүүлэх гэрээний дагуу 91 чингэлэг түлш ирсний 26 нь “Евро5” маркийн эко түлш нийлүүлжээ.
Энэ түлш нь хүнд элементийн агуулга багатай, байгаль экологи, хүний эрүүл мэндэд аюулгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. “Эрдэнэт” үйлдвэр “Евро5” түлш үйлдвэрлэлд нэвтрүүлснээр үр ашигтай ажиллаж, зардлаа хэмнэх юм. Иймд Авто тээврийн байгууллага эко түлш хэрэглэх техникүүдээ судалж байна. Учир нь үйлдвэрийн БелАЗ маркийн автомашинууд энгийн хөдөлгүүртэй, Камаз маркийн автомашинууд өндөр чанарын түлш шаарддаг тул техникээ зөв сонгож, зарцуулалтаа хянах нь үр өгөөжтэй хэмээн үзэж байна. Шинэ түлшний зарцуулалтыг хуучинтай нь харьцуулна. Тодорхой хугацааны дараа үр дүн нь мэдэгдэнэ гэж Чанар хяналтын хэлтсийн дарга Н.Мэргэнбаатар хэллээ.
ОХУ-д дизель түлшийг чанарын үзүүлэлтээр “К2”, “К5”, “Евро5” хэмээн ангилдаг байна. Оросууд дотоодын хэрэглээндээ “К5” түлшийг бүрэн нэвтрүүлж, "Евро5" түлшний хэрэглээ рүү шилжиж эхэлжээ. Харин “К2”-ыг зөвхөн Монгол, Казахстан улсад гаргадаг бөгөөд цаашид нийлүүлэх боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм.