Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1099 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 866 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл шалган шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж бэртсэний дотор 4 хүүхэд хүнд хүндэвтэр гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас Нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 27-ны өдрийн 20.49 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн замд Hyundai Tanklorry маркийн автомашин онхолдож жолооч 44 настай, эрэгтэй нас барсан байна.
Мөн энэ сарын 27-ны 16.00 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг хашаа дотор Daewoo маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 54 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насын хохироожээ.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 18.5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 26 хувиар, гэмтсэн хүүхэд дөрвөн дахин тус тус буурсанч, гэмтсэн хүн таван хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин өссөн байна.
Замын хөдөлгөөний ачаалал бага хөдөлгөөн сийрэг байгаа ч зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл нэмэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)