Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ын төслийг жил гаруй хугацаанд удаа дараа иргэд, мэргэжлийн байгууллагуудаас хэлэлцүүлэг, санал асуулга авч боловсруулсны үндсэн дээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд батлуулахаар барьсан.
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр иргэд, сүсэгтэн олныг соён гэгээрүүлэх, нэгдсэн нэг ойлголттой байлгахад анхаарч ажил хэрэг болгох төр захиргааны байгууллага, шашны байгууллагуудын холбогдох зурхайч лам нар, буяны үйлчилгээний байгууллага хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.
Оршуулгын үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалтаар зохицуулахаас гадна “Зан үйл” гэдэг асуудал чухал нөлөө үзүүлдэг учир Буяны зан үйлийн холбоо ТББ-тай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй зөвшөөрөлтэй сүм хийдүүдийн Шинжээ буюу алтан сав нээдэг зурхайч лам нартай хамтарсан хурлыг зохион байгуулжээ. Хурлын гол зорилго нь оршуулгын зан үйл талаас иргэдийн дунд гардаг төөрөгдөл, буруу ойлголтуудыг нэгдсэн нэг ойлголттой болох, иргэдэд зөв мэдээ мэдээллийг хүргэх асуудлаар холбогдох төр захиргааны мэргэжлийн байгууллага, буяны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, шашны сүм хийдийн лам зурхайч нар санал солилцох юм.