НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллагаас санаачлан “Dairy Asia” Ази тивийн сүү үйлдвэрлэлийн индрийг 2014 онд үүсгэн байгуулсан. Энэ санаачилгад одоогоор Ази тивийн 13 улс нэгдэж ороод байна. Үүнд: Монгол, Тайланд, Хятад, Шри Ланк, Бутан, Бангладеш, Индонези, Афганистан, Филиппин, Энэтхэг, Мьянмар, Непал, Вьетнам.
Ази тивд нийгмийн хариуцлагатай, байгаль экологид ээлтэй сүүний салбарыг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, орон нутгийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад тус индрийн зорилго оршиж байна.
“Ази тивийн сүү үйлдвэрлэл” индрийн үйл ажиллагааг тогтмолжуулах, цар хүрээг нь өргөтгөх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Ази тивд сүү үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод үүсгэн байгуулах саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дэвшүүлсэн. Саналыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Ази Номхон далайн мал аж ахуй, мал эмнэлгийн комисс зэрэг олон улсын холбогдох байгууллагаас дэмжиж байгаа бөгөөд Ази тивийн сүү үйлдвэрлэлийн нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулах тухай Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоол батлагдаад байна.