Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирусний халдвар тархаж, ЭМЯ-ны өнөөдрийн мэдээгээр нийт 66 оронд бүртгэгдээд байна.
Манай улсын хувьд бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баяраар орон нутгийн замыг хаах болон зарим тэмдэглэлт өдрийг цуцлах, 0-15 настай хүүхэдтэй ээжийн ажиллах цагийг бууруулах, цалинтай чөлөө олгох мөн халдварын тархалттай бүсээс нэвтэрсэн иргэдийг газар дээр нь тусгаарлах зэрэг арга хэмжээ авч мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Мөн “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аян зохион явуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд 30.000 хонь хандивлахаа мэдэгдсэн юм. Энэ хүрээнд урд хөршдөө өргөх сэтгэлийн хандивт урлаг соёлынхон хийгээд бизнес эрхлэгч, ААН, иргэд нэгдсээр байгаа юм.
Түүнчлэн хүн бүр өөрт байгаа зүйлээрээ сэтгэлийн дэмжлэг өргөсөөр байгаа бөгөөд өчигдөр дугуй засварын газар эмнэлэг, цагдаа, онцгой байдлын машины дугуйг үнэ төлбөргүй засварлахаар болсон бол өнөөдөр Баянхонгор аймгийн Малчин н.Чулуундорж ХӨСҮТ-д арван хонь хандивласан байна.
А.Сүх