Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн бага хуралд тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Коронавирусний халдварын улмаас Вашигтонд дөрвөн хүн нас барж, нийт нас баралтын тоо зургаа болж нэмэгдлээ. Тодруулбал, өндөр настай аль эсвэл урт хугацааны тусламж үйлчилгээ авах шаардлагатай асрамжийн газарт нас баралт гарсан байна. Энд тусламжаар очсон 21 гал сөнөөгчийн 19-ийг нь халдварт өртсөн гэж үзэн тусгаарлажээ. АНУ-ын хувьд БНХАУ болон Иранд зорчсон иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байхаар болсон байна.
Европ тивийн хувьд Итали, Франц зэрэг улсуудад халдвар авсан иргэдийн тоо өсч байна. Одоогийн байдлаар сургуулийн үйл ажиллагааг хааж, соёл урлагийн үйл ажиллагааг цуцалсан. Ази тивд Сингапурт хоёр тохиолдол нэмэгдсэн. Энэтхэгт лабораторийн шинжилгээгээр баталгаажсан иргэдийн тоо тав болсон” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 1-нд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт гурван тохиолдлыг шинжилж, сөрөг гарлаа. Мөн энэ сарын 2-нд ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг тохиолдлыг тусгаарлаж, тандалт судалгаа хийж байна. Түүнчлэн Сэлэнгэ, Бага баян сувилал, Дархан-Уул аймагт нийт 100 хүнийг ажиглалтад авсан” гэлээ.
А.Сүх