Нийслэлээс гарах автозамын хөдөлгөөнийг өнөөдөр өглөөнөөс эхлэн хаах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргаад буй. Энэ талаар Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Далайцэрэнээс тодрууллаа.
Тэрбээр "Энэ сарын 10-ны 06:00 цагт Улсын онцгой комисс хуралдаж, Улаанбаатар хотоос орох, гарах автомашины хөдөлгөөнийг ирэх сарын даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглосон. Тодруулбал, автозамын хязгаарлалт эхлэхээс өмнө тухайн аймгаас хөдөлсөн бол Улаанбаатар хот руу нэвтрүүлнэ.
Одоогийн байдлаар 21 аймаг, алслагдсан гурван дүүрэгт мөн адил хөл хорио тогтоогоод байна.
Тиймээс иргэд та бүхэн хулгайн замаар Улаанбаатар хотоос гарсан ч гэсэн бусад аймаг, сумд мөн адил хөл хорио тогтоосон байгаа учраас нэвтрүүлэх боломжгүй гэдгийг анхаарвал зохилтой.
Харин хүндэтгэн үзэх шалтгаантай буюу яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай, буяны ажил зэрэг зайлшгүй тохиолдолд Нийслэлийн Онцгой байдлын газар болон харъяа аймгийн Онгой байдлын анги, байгууллагад хүсэлтгээ гаргаж нэвтрэх бичиг авсны үндсэн дээр нэвтэрч болно" гэлээ.
Г.Маргад