Дотоодын хэрэгцээн дэх шатахууны нөөц хэвийн байгаа тул хомсдол үүсэхгүй талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгджээ. Тэрбээр “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ-92 бензин тонн тутамдаа 58 ам.доллараар үнэ бууж орж ирсэн. Литрийн үнийг нэгжид шилжүүлбэл нэг литр нь 120-130 төгрөгөөр буурна. Гэвч ам.долларын ханшийн зөрүү өнгөрсөн жилийнхтэй тооцогдоход 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусна.
Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгөөр буурах болов уу. Гуравдугаар сарын бүтээгдэхүүнд үнийн бууралт хийнэ. 1830-аас доош 30-40 төгрөгөөр буурах боломжтой гэсэн үг. Мөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хүрээнд УОК-оос өгсөн чиглэлийн дагуу орон нутгийн тээвэрлэлийг хязгаарласан. Сайд Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн дагуу УОК-той холбогдон ажиллаж байна. Авто бензин бүтээгдэхүүн ямар нэгэн саадгүйгээр орон нутагт тээвэрлэлт хийгдэнэ. Ямар нэгэн хориг сааданд орохгүй” гэжээ.
Улсын хэмжээнд гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:
А-80 автобензин 91 хоногийн нөөц ;
Аи-92 автобензин 33 хоногийн нөөц;
Дизелийн түлш 39 хоногийн нөөц;
ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.
Бөөний үнийн хувьд Улаанбаатар хот дахь "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлш 60 төгрөг, "НИК" ХХК-ийн Аи-92 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 20 төгрөг, "Ай Си Ай Си" ХХК-ийн А-80 автобензин 110 төгрөг, Аи-92 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан бол Баян-Өлгий аймагт дизелийн түлш 100 төгрөг, Увс аймагт А-80 автобензин 50 төгрөг, Аи-92 автобензин 50 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус буурчээ.
С.Сүлд