Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өвчтөний ойрын хавьтал болох 58 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Мөн шинж тэмдэг илэрсэн кэмпид ойр байсан есөн хүний шинжилгээ үүнд багтсан. Өнөөдөр Дорноговь аймгийн кэмпээс нэмж шинжилгээ ирнэ. Учир нь тодорхой хугацааны дараа дахин шинжилгээ авъя гэж ярилцсан юм. Мөн Франц иргэний хувьд сэтгэл санаа нь тогтворжсон. Гэрийнхэнтэйгээ болон Элчин сайдын яамтайгаа ярьсан. Ингээд Монголд үлдэж эмчлүүлэх шийдвэр гаргаж, бидэнд итгэж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь бидэнд их урам болж байна. Биеийн байдал нь тогтвортой, эмчилгээ зөв явагдаж байна.
Энэ сарын 12-нд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж шинжилгээ хийгдэж байна. Түүнчлэн энэ сарын 11-нд 25 хүнийг ажиглалтад авсан. Хяналтад байгаа хүмүүсийнхээ дунд шинжилгээ аваагүй ч гэсэн шинж тэмдэг илрэх нь үү гэдгийг байнга хянаж байна. Мөн гэрээрээ байгаа хүмүүст шинж тэмдэг илэрвэл заавал мэдэгдэх ёстой. Түргэвчилсэн оношилгоо ирсэн. Энэ нь 20 минутын дотор хариу нь гардаг юм. Гэхдээ эцсийн хариуг нарийн шинжилгээгээр гаргана. Оношлуурын хувьд хангалттай бий” гэдгийг онцоллоо.
А.Сүх