Хорио цээрийн онц дэглэмтэй холбогдуулан улсын хил хаасан бол энэ сарын 11-нээс 16-ны хооронд автозам болон агаар, төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож, нийслэл, аймаг хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан юм. Гэвч Баян-Өлгий аймагт уг шийдвэр бүрэн хэрэгжээгүй гэх шүүмжлэл гараад байсан. Тодруулбал, энэ сарын 14-нд тус аймгийн харъяат 21 настай иргэн Казахстанаас ирсэн гэх бөгөөд халуурсан байдалтай ирсэн учир тусгаарлах байранд байрлуулсан байна.
Уг асуудлаар Баян-Өлгий аймгийн удирдлагууд Улсын онцгой комиссын шийдвэрийн биелэлтийг хангаж ажилласан. Шийдвэр гарсан даруйд хилээр хүн оруулж, гаргаагүй гэдгийг мэдэгдсэн юм.
Гэвч дээрх иргэн 38 хүртэл халуурч байгаа учир коронавирусний шинжилгээ авч сорьцыг ХӨСҮТ-д өнөөдөр хүргүүлсэн байна. Шинжилгээний хариу маргааш гарна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод буй юм.
Г.Маргад