COVID-19 халдварын талаар ЭМЯ-аас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзнэ. Хоёр хүн хоорондоо уулзахдаа хоёр метрийн зайнаас харьцах нь зүйтэй гэж ДЭМБ-аас зөвлөж байна. Мөн COVID-19 халдвараар өвчилж эмчлэгдсэн иргэн болон эмнэлэг болон тусгаарлалтад байсан иргэн үргэлжлүүлэн тусгаарлах шаардлагатай. Эдгээр иргэдийг аль болох гэр бүлийн гишүүдээс хол байлгах, гадуур явуулахгүй байх, ахуйн хэрэгслийг тусгаарлах шаардлагатай. Хэрэв уг шийдвэрийг мөрдөөгүй бол Зөрчлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хуулиар арга хэмжээ тооцно” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Энэ сарын Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирж Цэргийн тө эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүний хариу сөрөг гарлаа. Түүнчлэн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүний биеийн байдал хэвийн байна. Тухайлбал, хоёр хүний биеийн байдал хүнд байсан бол өнөөдрийн байдлаар тогтворжлоо. Ингээд халдвартай иргэдээ эмчилж авна" гэв.
А.Сүх