COVID-19 халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар нийт 3325 хүн ажиглалтад хамрагдсан. Одоогоор 2057 иргэн ажиглалтад байна. Мөн ОХУ-аас орж ирсэн иргэдийг бүгдийг нь тусгаарлалтад авч, шинжилгээнд хамруулж байна. Ажиглалтад байгаа иргэдтэй хамт 297 эмч эмнэлгийн ажилчид тусгаарлалтад хамт байна. Бид олон улсын судалгаа шинжилгээнд суурилж үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор халдвартай эхээс урагт дамжих, төрөлхийн гажиг үүсэх, зулбах зэрэг нотлогдсон зүйл байхгүй. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжөөр халдвартай эх хүүхдээ маск зүүн хөхүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Энэ сарын 23-нд Албанбулагийн боомтоор орж ирсэн гурван хүнийг тусгаарлаж, шинжилгээг нь нийслэл рүү хүргүүлсэн” гэв.
А.Сүх