Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх ажилтай танилцаж, оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Миний хувьд 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзлээ. Асуудлаа тавьдаг боловч хотын дарга нар сонсоод л өнгөрдөг байсан. Харин өнөөдөр хотын дарга С.Амарсайхан бидний үгийг сонсож, эхний ээлжийн орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэлж байгаад баяртай байна” гэлээ. Мөн тус дүүргийн хоёрдугаар хорооны иргэн А.Орломжав “Би энэ байрандаа бараг 40 жил амьдарч байна. Барилгад нуралт үүссэн, дусаал гоождог, амьдрахад үнэхээр хүндрэлтэй байгаа. Нийслэлийн удирдлагууд маань бидний энэ асуудлыг шийдвэрлэж, шинэ байртай болгож өгөх гэж байгаад талархаад барашгүй” гэсэн юм.
Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажлыг нийслэлийн Орон сууцны корпораци хариуцан гүйцэтгэж байгаа юм. Налайх дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй 20 орчим орон сууц байгаа аж. Төлөвлөгөөний дагуу эхний зургаан орон сууцыг энэ онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тус корпораци ажиллаж байна. Эхний ээлжийн хоёр орон сууцны нийт 126 айлын орон сууцыг шинээр барих ажлыг ийнхүү эхлүүллээ.
Сэтгэгдэл (1)