Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 341 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 217 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, энэ сарын 11-ний өдрийн 20 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн замд Toyota Prius маркийн Э жолоочтой автомашин явган зорчигч 53 настай, эмэгтэй Я-г мөргөж, амь насыг нь хохироосон. Мөн энэ сарын 10-ны шөнийн 23 цаг 55 минутын орчим Увс аймгийн Өмнөговь сумын II багийн нутаг дэвсгэр “Мөст” гэх газар шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 34 настай.эрэгтэй Г-гийн амь нас хохирчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоцгоож, онцын шаардлагагүй бол иргэн та аль болох олон нийтийн газраар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (2)