Дэлхий нийтэд 1.9 сая хүн өвчилж, 126 мянган хүн нас бараад байна. Өвчлөл АНУ, Итали, Испани зэрэг улсуудад эрчтэй тархсан хэвээр байгаа бөгөөд ДЭМБ-аас гэртээ байх, тусгаарлалтын дэглэмийг чанд сахих, зайнаас харьцах зэрэг зөвлөмжийг өгсөөр байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Иран улсад 24 цагийн дотор 98 нас баралт бүртгэгдлээ. Энэ нь сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн бага үзүүлэлт юм. Итали улсад халдварын тохиолдол ялимгүй буурсан байна. Харин БНСУ-д эдгэрсэн иргэдээс дахин вирус илрэх тохиолдол нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт 124 болж нэмэгджээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар вирус дахин илэрсэн гэдгээс илүү нуугдаж байсан халдвар иргэний дархлаа буурснаар дахин илэрсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан эдгэрсэн иргэдийг карантинаас гарсны дараа гэрт нь долоо хоног тусгаарлахаар болжээ.
Мөн НҮБ-аас Африкийн улс орнуудад зориулж 30 мянган иргэнийг эмчлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн тусламжийн хэрэгслийг илгээсэн байна" гэлээ.
А.Сүх