Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр гадаадад суугаа манай улсын 9412 иргэн нутаг буцах хүсэлт гаргажээ. Мөн УОК-ын Шуурхай штабт ирж байгаа өргөдөл, гомдлын дагуу энэ сарын 30-нд БНСУ руу чартер нислэг хийхээр болжээ. Уг нь төлөвлөгөө ёсоор энэ сарын 17-нд нислэг үйлдэхээр бэлдэж байсан ч Эрүүл мэндийн яамнаас гаргасан нэг хүнд-нэг өрөө зөвлөмжийн хүрээнд үүссэн нөхцөл байдлын улмаас нислэгийг түр хугацаагаар хойшлуулсан юм.
Мөн ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн хүрээнд халдварын нууц үеийн хоног нэмэгдсэн учраас гаднаас ирсэн иргэдийг 21 хоног тус тусад нь байрлуулсан, түүнчлэн нислэгийн баг гаднаас ирээд тусгаарлагдаж байгаатай холбогдуулан хүн хүчний нөөц бололцоо дутаж байна гэж мэргэжлийн байгууллагаас тайлбарлаж байв.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Бид гадаадад байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдийн мэдээллийг Элчин сайдын яамдаараа дамжуулан тухай бүрт нь УОК-ын удирдлагуудад танилцуулж ирсэн. Энэ хүрээнд эхний нислэг энэ сарын 30-нд БНСУ руу, дараагийн нислэг тавдугаар сарын 2-нд Герман руу нисгэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар гадаадын 35 улсаас 9412 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. Нислэгээр 250-260 орчим иргэнийг л багтаах боломжтой. Мөн транзит зорчигчдыг ХӨСҮТ-д байрлуулдаг учраас орны тооноос хамаарч зорчигчдын тоог гаргана" гэсэн юм.
Дээр дурдсанаар гаднаас нутаг буцах хүсэлт гаргасан 9412 иргэдээс хүндэтгах шалтгаантай иргэдийг нислэгт багтаах бөгөөд эрсдэлийг тооцож сүүлийн 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой шаардлага тавьж байна. Мөн Элчин сайдын яамдуудад шинээр бүртгэл хийхгүй бөгөөд бүртгүүлсэн байгаа зорчигчдыг нислэгт багтаана гэдгийг онцолж байлаа.
Б.Лхам