Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд маргааш уг замыг нээхээр ажиллаж байна.
Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх "Гурвалжингийн гүүр нь анх 1989 онд баригдсан. 2010 оны үед засвар, шинэчлэлийн ажил хийснээс хойш томоохон хэмжээний засварын ажил огт хийгдээгүй. Гүүр, гүүрэн байгууламжийн засварын ажлыг байнга хийж байх ёстой. Тиймээс бид төлөвлөгөөт ажилд тусган засвар, шинэчлэлийн ажлыг хийж байна. Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд энэ сарын 27-нд 06.00 цаг гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ гүүр нь 108 метрийн урттай, 26 метрийн өргөнтэй. Үндсэн засвар шинэчлэлийн ажлаас гадна замын нөхөөсийн ажлууд давхар хийгдэж байгаа” гэв.
Харин замын ачаалал, хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Замын цагдаагийн хэлтсээс хөдөлгөөн зохион байгуулалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр есөн алба хаагч ажиллаж байна. Иргэдэд хандаж хэлэхэд замын ачаалал нэмэгдсэн үед Гурвалжингийн гүүрээр зорчихгүй байх, шаардлагатай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Замын цагдаагийн зүгээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхааран хяналт тавьж байна. Тиймээс иргэдийн зүгээс замын цагдаагийн тавьсан албан шаардлагыг биелүүлж, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна” гэлээ.