УОК-оос Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян "Зарим нэг авиакомпаниуд гадаад дахь иргэдээ татан авахад дэмжлэг үзүүлж ажиллахаа уламжилсан. МИАТ компани нь олон улсад гэрээ байгуулж нислэг үйлддэг.
Түүнээс бусад компаниудын хувьд нислэг үйлдэх боломжгүй гэдгийг УОК-оос мэдэгдсэн.
Гадаад дахь иргэдээ татан авахтай холбогдуулан зарим иргэн эрүүл мэндийн шалтгаантай гэсэн хуурамч материал бүрдүүлж өгч байна. Үүнийг нь холбогдох албаныхан шалгаад тогтоосон. Ийм нөхдүүдтэй хариуцлага ярина.
Цаашдаа Монгол Улсын Засгийн газар, УОК-оос иргэдээ үе шаттай татан авна. Одоогоор 9900 иргэн хүсэлт ирүүлсэн. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. тусгаарлах байрны нөөц бололцоо, эмч эмнэлгийн хүрэлцээ, тусгай онгоцны хүрэлцээ зэргийг тооцож үзэх ёстой. Хоёр онгоц тусгай үүргийн онгоцоор нисэж байна. Турк улсад байгаа 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Энэ бүхнийг судалж байна" гэлээ.