Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 834 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 550 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж нийслэлд нэг, орон нутагт долоон хүний амь нас хохирчээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 27-ны шөнийн 22.00 цагт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын II багийн нутаг дэвсгэр Замын-үүд-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замд Kia Bongo маркийн автомашин Hino маркийн автомашинтай мөргөлдөж, Kia Bongo автомашинд зорчиж байсан 36-40 насны дөрвөн иргэн шатаж, амь нас хохирсон харамсалтай осол гарчээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хоёр хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн урин дулааны цаг ирж мотоцикл, мопед, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)