Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судлагааны албаны дарга А.Амбасэлмаа эмнэлзүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гуравдугаар сарын 10-аас хойшхи хугацаанд манай улсад коронавирусний 41 тохиолдол бүртгэгдсэн. Энэ хугацаанд 10 удаагийн тусгай үүргийн нислэг, хилийн бусад боомтоор орж ирсэн зорчигсод, тээврийн машины жолооч зэрэг нийт 4700 гаруй иргэнийг тандалт судалгаа, шинжилгээнд хамруулсан.
Нийт давхардсан тоогоор 11200 хүнд лабораторийн шинжилгээ хийсэн. Энэ хугацаанд 2-13 дахь хоног дээрээ 1-5 удаа шинжилгээ хийж байж баилагдсан тохиолдлыг илрүүлж авч байна. Илэрсэн тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аар орж ирсэн. Бусад тохиолдлууд 10 гаруй улсаас транзит, шууд нислэгээр ирсэн хүмүүс байна.
Батлагдсан тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдэг ДЭМБ-ын мэдээлж байгаатай ойролцоо байна. Батлагдсан 41 тохиолдлын 80.4 хувь нь хөнгөн, 14.6 хувд нь хүнд, хүндэвтэр, таван хувь нь маш хүнд гэсэн эмнэлзүйтэй байна. Архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй, жирэмсэн зэрэг иргэд коронавирусээр өвчлөх нь их байна. Халдварын шинж тэмдэг өөрчлөгдөөгүй. Хамар битүүрэх, нус гоожих, дотор муухайрах, халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаад хэд хоногийн дараа уушгины хатгалгаа болох эмнэлзүйн шинж тэмдэгтэй байна" гэлээ.
А.Сүх