Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын авто замын сүлжээний гол хэсгүүдийн нэг, Баян-Адарга-Дадал сумдыг заагладаг Онон гол дээр барьж буй 150 метрийн урттай төмөр бетон гүүрийн бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орсон байна.
Өнгөрсөн 2019 оны тавдугаар сард тус гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм. Гүйцэтгэгч “Ган гүүр” компанийнхан ирэх сарын 10-нд Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Үүнээс гадна тус компанийнхан Дадал сумын нутагт орших төмөр бетон гүүрийн их засварын ажлыг бас гүйцэтгэж байгаа юм.
Гүүр ашиглалтад орсноор Буриад, Халимаг, Тува зэрэг Монгол туургатнууд Ульханы боомтоор тус аймаг руу чөлөөтэй орж ирдэг болно.
Тэгвэл энэ талаар Зам тээвийн хөгжлийн яамнаас "Онон голын 150 метр төмөр бетон гүүрийн барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь зургаан сарын өмнө дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голын хойд талд жилийн дөрвөн улиралд уламжлалт мал ахуйгаа маллаж, зун, намрын улиралд голын урсацаас хамааран холбоо тогтоох болон зорчиход ихээхэн хүндрэл үүсдэг байна. Тээврийн хөдөлгөөнийг бирваазаар нэвтрүүлж, Дадал сумын нутгаар дамжин зорчдог тул эдийн засаг, цаг хугацааны хувьд ч ихээхэн хор уршигтай байдаг" гэлээ.