Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид 44 хүнд шинжилгээ хийжээ. Үүнд сэжигтэй тохиолдлын хоёр, тандалтын зорилгоор долоон хүний сорьцонд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.
Халдвартай нь батлагдсан иргэний хувьд энэ сарын 3-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн бөгөөд энэ сарын 7-ноос эхлэн толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, бөөлжих, хоолонд дургүй болох, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Давтан шинжилгээ авч үзэхэд халдвартай болох нь батлагдсан. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 42 болж байна. Үүнээс 29 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Мөн эдгэрээд гарсан иргэдээс гарсан хойно нь хоёр удаа шинжилгээ авна. Гэртээ гарсан дөрвөн хүнээс гурав нь хоёр удаагийн ээлжит шинжилгээ хийлгэсэн. Давтан шинжилгээгээр халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.
А.Сүх