Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 364 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 268 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь насыг хохирсон байна. Тодруулбал, энэ сарын 09-ний өдрийн 13 цаг 27 минутын орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт шороон замд Toyota Mark-II маркийн автомашин хашаанаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч 55 настай, эмэгтэй Н-ийг мөргөж амь насыг нь хохироожээ. Жолооч нь Э нь 31 настай бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьжээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан дөрвөн зөрчил бүртгэгджээ.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 2.9 хувиар буурч, Бүртгэгдсэн зам тээврийн осол 5.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)