УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат "Дорноговь аймагт долоон хүн хордлогод орсон. Учир нь хоол хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, ариун цэврийг хангах хэрэгтэй байна. Цар тахлын үед иргэн бүр эрүүл мэндээ хамгаалах ёстой" гэдгийг онцоллоо.
Тэрбээр "Тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авах, улсын хилээр орж ирсэн иргэд болон ачаа тээврийн эргэлтэд мэргэжлийн хяналтаас хяналт тавин ажиллаж байна. Цар тахлын үеэр хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүн зах зээл дээр борлуулагдах эрсдэл өндөр байна. Хамгийн сүүлд Дорнод аймагт зургаан том хүн, нэг хүүхэд тодорхой нөхцөл байдлын улмаас хордлого авсан. Энэ нь хоол боловсруулах үе шатыг дутуу хийсэн, жимс жимсгэнэ угааж цэвэрлэж хэрэглээгүйн улмаас хордлого авсан байна. Цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагад ачаалал үүсгэхгүйн тулд иргэд хариуцлагатай байх шаардлагатай байна.
Энэ сарын 14-нд Алтанбулгийн хилээр 393 иргэнээ татан авсан. Энэ үеэр 19 байцаагч, зураан ариутгагч 24 цагаар ажилласан. Мөн хүнсний тээвэрлэлт орж ирж байгаатай холбогдуулан түүнд хяналт тавьж эрүүл мэндийн 33 байцаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.
Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Баянхошуу боомтоор нийт 791 жолооч, 788 ачааны машин, 257 импортлогчийн 2178 тонн хүнсний бүтээгдэхүүн, 6707 тонн хүсний бус бараа бүтээгдэхүүн нэвтэрсэн байна. Эдгээрээс харахад хүнсний тасралтгүй үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж харагдаж байна" гэлээ.
А.Сүх