Багануурын уурхайн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт “Багануур” ХК-д ажиллав. “Багануур” ХК өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 7 бүлэг, 67 зүйл бүхий ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Жилийн эхнээс тээврийн хэрэгслийн хүрэлцээ болон цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан 569.9 мян.м3 автотээвэртэй хөрсний хоцрогдолд ороод байгааг албаны хүмүүс дуулгасан. Энэ нь өвлийн ид ачааллын үед Багануурын уурхайгаас ДЦС-дад нийлүүлэх нүүрсний нөөц буурах эрсдэл үүсэхээр байгаа аж. Нөхцөл байдалтай танилцсаны дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болсон. Үүнд,
- Дулааны цахилгаан станцуудын нүүрсний өрийг төлүүлж барагдуулах
- Засгийн газрын 132 тогтоолын 1-р заалтын хүрээнд “Монгол нүүрс төсөл“- ийн хөрөнгө оруулалтын зээлийн үлдэгдэл төлбөрийг компанид оруулсан хөрөнгө оруулалтаар тооцох
- Засгийн газрын 132-р тогтоолын 2-р заалтын хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлэх,
- Засгийн газрын 270-р тогтоолын 3-р заалтын биелэлтийг хангах гэсэн асуудлуудын хүрээнд холбогдох яам, агентлаг, байгууллагуудын удирдлагуудыг багтаасан ажлын хэсгийг яаралтай байгуулж, эдгээр асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо. Дашрамд мэдээлэхэд, төвийн эрчим хүчний системийн харъяа дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зорилгоор 1978 онд байгуулагдсан “Багануур” ХК нь өдгөө 41 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эрчим хүчний нүүрсний 60 орчим хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 орчим хувийг дангаараа ханган ажиллаж байна