Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Зоонозын өвчин судлалын нэг, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 315 хүний шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан.
Үүнд, тандалтын зорилгоор ес, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан, Дорноговь аймгийн Хангимандлын боомтоор орж ирсэн 23 ачаа тээврийн жолооч, Сэлэнгэ аймгийн Алтанбулгийн боомтоор орж ирсэн 28 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийсэн.
Мөн зэвсэгт хүчний дайчдын 77 орчим хувьд нь шинжилгээ хийснээс халдвар илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр эдгэрч гарлаа. Нийт 89 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д 105 хүн байгаагаас хөнгөн 89, хүндэвтэр 16 байна. Эдгэрсэн 89 хүнээс сувилалд 58, ажиглалтын хугацаа нь дууссан 15 хүн байна.
Өчигдөр Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 175 хүн ирсэн. Үүнээс гурав нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Шинжилгээгээр халдвар илрээгүй. Бусад ажиглах байранд тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу маргааш гарна" гэлээ.
А.Сүх