Жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргүүдэд шинээр нээлээ.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Нэг цэгийн үйлчилгээний төв 17 болоод байна.
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар болон НҮБХАС-ийн хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад ЖСХ, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох хариу арга хэмжээ авах үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой, “ЖСХ-тэй тэмцэх нь” төслийн хүрээнд энэхүү 2 төвийг нээж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд нийт 11 төвийг шинээр байгуулснаар НҮБХАС-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Нэг цэгийн үйлчилгээний төв 17 болоод байна.
Монгол Улсын 3асгийн газраас Ковид-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио хязгаарлалтын дэглэм тогтоосноор хүн амын өдөр тутмын амьдралын хэв маягт эрс өөрчлөлт оруулсан нь олон нийтийн дунд стрессийн түвшин нэмэгдэж, зарим өрхийн түвшинд гэр бүлийн хүчирхийллийг дэврээх шалтгаан болж байгааг харгалзан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тавьсан саналын дагуу энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зориулан НҮБХАС-аас донор байгууллага болох Швейцарын хөгжлийн агентлагтай зөвшилцөн төслийн төсөвт яаралтай нэмэлт өөрчлөлт оруулж, дүүргийн захиргаанаас байр ажилтнуудын асуудлыг шийдсэнээр энэхүү 2 төвийг байгуулах боломж бүрдлээ.