Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор тодорхой хугацаанд зам хаах талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд тухайлбал, Зайсангийн хүйтэн усны болон дулааны шугамын ажлыг “Бумба од” компани гүйцэтгэн ажиллаж байна. Ажлын явц 70-80 хувьтай байгаа аж. Мөн гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд цэвэр усны шугамын ажил хийгдэж байна.
Энэ долоо хоногт цэвэр усны шугамын ажил хийхтэй холбогдуулан Баянбүрдийн тойргийг замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх байдлаар хаахаар төлөвлөжээ. Хөдөлгөөнийг өнөөдөр 23.00 цагаас эхлэн үе шаттайгаар хаах аж.
Дээрх ажил нь Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хамтарсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэлх өхгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн хүрээнд тусгагдсан гэр хорооллын дэд бүтэц, үйлчилгээг сайжруулах, хот суурины дэд бүтэц, инженерийн хангамж, суурь үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар хийгдэж байгаа арга хэмжээ юм.
А.Сүх