Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын хүрээнд ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 19-нд нийт 330 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, энэ сарын 4-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 253 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан долоон хүний давтан шинжилгээ, Ханги Мандалын боомтоор орж ирсэн жолооч нар болон Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч нар, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, сувилалд байгаа 24 хүнд хяналтын шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 74 хүний 64-ийнх нь биеийн байдал хөнгөн, 10 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн. Нэг жирэмсэн эмэгтэй эмчилгээнд байгаа. Бид дараагийн чартерын онгоцыг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад хүлээж байна" гэлээ.