“Ковид-19” цар тахлын улмаас урлаг, соёлын байгууллагуудын үйл ажиллагаа хэсэгтээ л зогсонги байдалд орсон. Тэгвэл ДБЭТ-ын тайзнаа таван үеийн төгөлдөр хуурчид хамтран “Улаан залаат Монгол хүн” тоглолтоо арваннэгдүгээр сарын 18-ны өдөр толилуулах гэж байна. Манай улсад мэргэжлийн хөгжмийн урлагийн дэг, сургалтын явц, багш нарын арга барил ямар түвшинд явааг энэхүү тоглолтоор харуулахыг зорьжээ. СУИС-ийн төгөлдөр хуурч, багш МУСТА Ц.Энхтөр тоглолтыг санаачлан, удирдагч багшаар ажиллаж байгаа бол МУАЖ Т.Цолмон, МУСТА Ц.Энхтөр, А.Энх-Амгалан, залуу төгөлдөр хуурч М.Хүсэл, долоон настай отгон шавь А.Ирмүүн нарын олон улсын томоохон тэмцээн, уралдаанд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчид оролцохоороо онцлог аж. Тэд Монголын нэрт хөгжмийн зохиолч Г.Цэндорж түүний багш ОХУ-ын суут хөгжмийн зохиолч Г.Уствольская нарын бүтээлүүдээс сорчлон хүргэхээр төлөвлөсөн байна.