Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.
Төрийн үйлчилгээг нэгдсэн цахим системд шилжүүлэхтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын 48 үйлчилгээг төрийн нэг үйлчилгээний цэгээс, 45 үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ.
Энэ талаар ТЕГ-ын дарга Б.Заяабал “Цахим үйлчилгээ нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэгдэхээс гадна бизнес эрхлэгчид татвартай холбоотой эрсдэлээс бүрэн хамгаалагдах боломж бүрдэж байгаа юм. Татварын үйлчилгээ цахим болсноор татварын өр хураахтай холбоотойгоор татвар төлөгчөөс гардаг зардал жилд 20.8 тэрбумаар хэмнэгдэх юм.
Мөн цаасаар мэдээллээ гаргаж өгөхөд татвар төлөгчөөс 18.5 тэрбум төгрөг гардаг байсан нь хэмнэгдэж байна.
Нэг давуу тал нь хуучин арилжааны банкуудад хийдэг байсан гүйлгээ цахим төлөлтөөр үндэслэн төлөлт хийсэн даруйд ордог боллоо.
2019 онд 412 мянган хэрэглэгчдэд цахим үйлчилгээ үзүүлсэн бол энэ онд 600 мянга гаруй иргэнд цахим үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа үр дүнтэй байгааг харуулж байгаа юм” гэлээ.
А.Сүх