“МИАТ” компанийн Берлин дэх төлөөлөгчийн газарт ажилладаг дөрвөн монгол ажилтан коронавирусний халдвар авсан гэх харамсалтай мэдээлэл түгээд эхэллээ.
Энэхүү гурван ажилтан нь өөрийн улсын иргэдээ нутаг буцаах ажлыг гардан хариуцаж, эрсдэлтэй нөхцөлд цаг наргүй ажиллаж иржээ. Одоогоор тэднийг тусгаарлан эмчилгээг эхлүүлсэн ба төлөөлөгчийн газарт хамт ажиллаж байсан бусад ажилтнуудыг шинжилгээнд яаралтай хамруулсан гэх мэдээлэл байна.
Өнөөдөр “МИАТ” компани АНУ, Япон, БНСУ, ХБНГУ, Чех, ОХУ зэрэг гадаадын 47 улсаас иргэдээ татан авсаар буй. “МИАТ”-ийн болоод гол ажлыг нугалж буй тухайн улс дахь ЭСЯ-ны ажилтнууд өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж буйг, халдвар авч болзошгүйг дээрх жишээ харууллаа.
ХБНГУ-д коронавирусний хоёр дахь давалгаа эхэлж, халдвар авсан хүний тоо 600 мянга орчимд хүрсэн бол нас баралт 11 мянгад хүрээд байна. Өнгөрсөн нэг хоногт гэхэд л тус улсад 15352 хүн халдвар авч, 131 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Тиймээс тус улс дахь Монголын ЭСЯ-наас тухайн оронд ажиллаж, амьдарч буй монголчуудыг шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байхыг, амны хаалт байнга зүүхийг, бөөнөөрөө цуглахгүй байхыг байнга анхааруулсаар иржээ.
У.Тэргэл