Улсын драмын эрдмийн театр уран бүтээлийн намар цагийн нээлтээ “Анна Каренина” сонгодог жүжгээр нээж, аравдугаар сарын 3-наас 31-нийг дуустал 27 хоног тасралтгүй амжилттай тоглож, өндөрлүүллээ. Өдөр бүр суудал дүүрэн үзэгчтэй байсан нь тус жүжиг ямархан цар хүрээтэйг харуулж байна.
Найруулагч Н.Наранбаатарын бүтээл “Анна Каренина” жүжгийг энэ хугацаанд нийт 16 мянган хүн үзэж, сонирхжээ.
Дэлхийн алдартай сонгодог зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар нь Т.Ганхуяг ажилласан юм. Жүжигчин Н.Баярмаа "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээж, Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглосон билээ.