ЭМЯ болон ХӨСҮТ-өөс СOVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Арваннэгдүгээр сарын 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1068 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн хүний сорьцоос COVID-19 илэрлээ.
Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тэд 30, 48 настай, Беларус улсын иргэд байна.
Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрсэн. 19 настай эрэгтэй хүн байна.
Харин дөрөв дэх тохиолдол нь COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчаас коронавирус илэрлээ. Эмч, сувилагч нар коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг. Тэгвэл тухайн сувилагчийн ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс нь коронавирус илэрсэн. Одоогоор бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна" гэв.
Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 356 болсноос 314 нь эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж байна.