ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан "Дэлхийн улс орнуудад коронавируст халдвар гарсан бол иргэн бүр маш хариуцлагатайгаар дэглэмээ сахиж, тэвчээртэй байж даван туулж байгаа нь харагдаж байна. Тийм учраас Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос хөл хорио цээрийн дэглэмийг сахиулж, хязгаарлалт хийж байгаа.
Өнөө өглөөнөөс хөл хорио тогтоосон ч автомашинтай болон явган зорчигчид дэглэмийг сайн сахихгүй байна. Ийм байдлаараа байвал аюул эрсдэл арилахад хол болно. Тиймээс өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 12-ны 23:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод явган болон автомашинтай хөдөлгөөнийг аль болох хязгаарлах шаардлага тавьж эхэлнэ. Хүн бүр зорилго нэгтэй байж энэ өвчнийг даван туулна. Гадуур явж байгаа иргэдийн зорилгыг судалж үзлээ. Тодорхой биш буюу хүнтэй уулзах, айлд очих гэх мэтээр явдаг юм байна.
Цар тахал гарсан үед гэрийнхээ ойролцоо байгаа дэлгүүрээс хүнсээ авч, хол газар явахгүй байхыг зөвлөж байгаа. Маргаашнаас бүх иргэдэд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, батлан хамгаалах гэх мэт байгууллагын ажилтнууд шаардлага тавьж ажиллана. Тандалт судалгааны хугацаанд дэглэмээ чангатгана. Дам хавьтлын хүмүүсийн байршлыг тогтоосон. Шинжилгээ тандалтын ажлыг ойрын хоёр хоногтоо дуусгана. Дэглэмээ сайтар сахихыг л нийт иргэдээс хүсье.
Халдвартай нь тогтоогдсон иргэн Д-ын маршрутыг тогтоохоор ажиллаж байгаа. Бүрэн дуусаагүй байна. Зарим тохиолдол хүндрэл гарч байгаа" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)