Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гараад байгаа билээ. Тэгвэл тус иргэний явсан маршрут эхний байдлаар гарчээ. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын мэдээлж буйгаар тус иргэний нэгдүгээр хавьтагчид буюу хамт амьдардаг бэр болон ач хүүхдийнх нь шинжилгээний хариу мөн эерэг гарчээ. Бэр нь 35 настай бөгөөд 11-р сарын 8-ны өдөр Сэлэнгийн Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг руу 8 настай хүүхдийнхээ хамтаар хоёр өдөр амны хаалтгүй зорчсон, хүний хөл хөдөлгөөн ихтэй таван худалдааны төвийн гол төлөв барааны тасгаар үйлчлүүлсэн, хүүхдээ тоглоомын газар тоглуулсан зэрэг өгүүлэмжтэй байгаа аж. Тиймээс тус тоглоомын төвөөр үйлчлүүлсэн 67 хүүхдийн эцэг эхчүүдтэй нь холбогдон, тандалт судалгааг эхлүүлсэн байна.
Түүнчлэн халдвартай иргэн тус аймагт зорчсон учир Дархан-Уул аймагт хөл хорионы хатуу дэглэм тогтоон, аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг түр хаагаад байгаа юм.
Б.Баатар