Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр, маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21, 22-нд тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.