Орхон аймгийн Онцгой Комисс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус аймгийн Засаг дарга С.Батжаргал "11-р сарын 19-ний өдөр батлагдсан 13 тохиолдлын ойрын хавьтал 307, 11-р сарын 21-ний өдөр батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьталын 76 хүнийг олж тогтоосон. Нэмж батлагдсан тохиолдлууд бидний хяналтад байсан. Аймгийн хэмжээнд зургаан ажиглах тусгаарлах байранд 141 хүнийг тусгаарласан. Халдвартын тасагт дөрвөн иргэн байгаа. Биеийн байдал хэвийн. Тусгаарлалтын байранд нийт 34 албан хаагч ажиллаж байна.
Эрдэнэт Үйлдвэрийн 901 ажилтанд түргэвчилсэн шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарсан. Бүх ажилчдыг бүрэн шинжилгээнд хамруулж дуусгахаар ажиллаж байна. Нийт 4582 сорьцонд шинжилгээ хийсэн. Үүнээс PCR шинжилгээг 605 хүнд хийсэн. 15 төв цэгт шинжилгээ авч байгаа.
Аймгийн Онцгой Комиссоос утсаар мэдээлэл өгч шинжилгээнд хамрагдахыг хэлээгүй л бол та түр цэгт шинжилгээ өгөхөөр ирж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна. Сайн дурын шинжилгээг одоогоор хийхгүй байна. Шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд 70353666 дугаарын утсаар холбогдоорой" гэлээ.
Б.Баатар