Нийслэлд хатуу хөл хорио тогтоосны улмаас иргэд гэр гэртээ байж, хүнсээ цуглуулах, эмийн сан, эмнэлэг орох зэргээс бусад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гадагш гарахыг хориглоод буй. Ийм цаг үед гэмт хэргийн болоод галын дуудлага буурсан ч эсрэгээрээ гэр бүлийн хүчирхийллийн болоод согтуугаар танхайрсан гэмт хэргийн тоо өсчээ. Хамгийн харамсалтай нь, ахуйн хүрээний осол, гэмтлийн тоо өссөн дүнтэй байгаа аж.
Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн ачаалал хатуу хөл хорионы үед багасна хэмээн тооцоолсон ч ердийн үеийнх шигээ зарим тохиолдолд өмнөхөөсөө илүү ачаалалтай ажиллаж байгаа аж. Хүн бүр гэртээ байгаа энэ үед ахуйн хүрээний дуудлага тасралтгүй ирж буй нь эцэг, эхийн хараа хяналт сул байгааг харуулж байна. Халуун тогоонд хүүхэд түлэгдсэн, хайрагдсан, өндрөөс унаж, бэртэж, гэмтсэн, элдэв зүйл залгисан болон согтуугаар хөл гараа хөлдөөсөн тохиолдол, дуудлага буурахгүй байгаа аж.
У.Тэргэл